Monday, March 29, 2010

The Times-ийн сайт төлбөртэй болно

Английн нэр хүнд бүхийн The Times болон The Sunday Times сонинуудын цахим хуудсууд энэ оны зургадугаар сараас эхлэн төлбөртэй болох гэнэ. Өнөөдрийн байдлаар эдгээр сонинуудын материалууд The Times Online хэмээх нэгдсэн сайтад тавигдаж байгаа бөгөөд дурын хүн үзэх боломжтой байгаа юм.

Харин энэ зургадугаар сараас эхлэн дээрх 2 сонин тус тусдаа сайттай болох бөгөөд тус сайтад хандах нэг өдрийн эрхийг 1 фунтээр худалдан авах бөгөөд (1,5 евро) нэг долоо хоногийн хандалтын төлбөр нь 2 фунт байх гэнэ.

Дээрх 2 сонины цахим хуудасны домайн хаягууд нь thetimes.co.uk болон thesundaytimes.co.uk байх аж. Дэлхийн хамгийн нөлөө бүхий медиа магнат Руперт Мердокийн мэдэлд байдаг эдгээр сонинуудад өөрчлөлт шинэчлэлт хийхээр олон тооны ажлыг төлөвлөөд байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Цаашид сониныг утсаар унших зэрэг шинэлэг орчин үеийн арга замуудыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

Р.Мердокийн мэдэлд байдаг The Wall Street Journal өнөөдрийн байдлаар хамгийн ашигтай онлайн сонинд тооцогдож байна. Тус цахим хуудас нь 400 мянган захиалагчтай

”100-гийн ундаа” цомог их, дээд сургуулиудаар аялна

Амьд хөгжим сонирхогч залуусын дунд нилээд хүчээ авч байгаа хамтлаг бол МОХАНИК. Хамтлагийхан анхны цомог болох "100-гийн ундаа"-гаа өлгийдөж авсан даруйдаа ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож баяраа тэмдэглээд авсан. Харин тэд энэ сарын 31-ээс эхлэн 4-р сарын 09-ийг дуустал Их, дээд сургуулиудаар зочилж цомгийн баяраа хийхээр шийджээ. ШУТИС, ХҮДС, ШУТИС-КТМС, СЭЗД, ШУТИС-Дизайны сургуулиудад айлчилсны дараа "100-гийн ундаа" цомог Улсын Филормани тайзнаа 4-н сарын 09-нд хаалтаа хийн эгшиглэх ажээ. Моханик хамтлагийн энэхүү аялан тоглолт "Coken Beat уралдаант шоу" нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа "Coken Beat" наадмын нэг хэсэг аж. Дашрамд дуулгахад сургуулиудад зохиогдох тоглолт үнэ төлбөргүй болох юм байна.

Хэнтийд хонь төллөж 4 ихэр хурга гаргалаа

Хаврын хавсаргатай уралдан хонь мал төллөж байна. Энэ жил зудад зургаан сая малаа алдсан тухай мэдээ байгаа ч өнөөдөр манай сайтынхныг Хэнтийд дөрвөн ихэр хурга гарлаа гэсэн мэдээлэл баярлууллаа. Дөрвөн ихэр хургатай болсон газар нь Хэнтий аймгийн Норовлин сум юм байна. Тус сумын Онон багийн нутагт нутаглаж байгаа малчин Банзрагчийн Мөнхбаатарын хотонд ийм азтай ховор тохиолдол болсон байна. Хэнтий аймгийнхан энэ мэдээг сонсоод маш их баяртай байна гэж Засаг дарга нь манайд мэдээллээ.

Volvo Хятадынх болов

Америкийн Ford корпораци өөрийн эзэмшлийн Volvo автомашины үйлдвэрээ хятадуудад заржээ. Одоогоор Хятадын автомашин үйлдвэрлэлийн Geely концерн Ford-той худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой болоод байна. Энэ наймааны үнэ одоогоор нууц байгаа ч ажиглагчид 2 тэрбум ам.доллараас багагүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Хятадын машин үйлдвэрлэгчдийн зах зээлд өмнө нь ийм хэмжээний том наймаа хийгдэж байгаагүй юм. Америкийн Ford –ийн мэдэлд байсан Шведийн Volvo брэнд санхүүгийн асуудалтай тулгарах болсноор тус компанийг зарах асуудал 2008 оноос яригдаж байсан нь ийнхүү биелэлээ олжээ

”Мотив” хамтлаг ирэх сараас хөдөө орон нутагт тоглолтоо хийнэ

Мотив хамтлаг “Магадгүй чамтай”, ”Уучлал гуйхыг минь хүлээж байна уу”, ”Хайрын гэгээ”, ”Ээж минь” гээд олон сайхан дуутай билээ. FM, радиогийн болоод ТВ–н шилдэг дууны жагсаалтуудыг одоог хүртэл тэргүүлсээр байгаа “Хайрын гэгээ” дуу тэднийг залуусын шүтээн болоход хамгийн их нөлөөлсөн. Тэднийг фенүүд нь одоо хүртэл цомог гаргахгүй, тоглолт хийхгүй байгаад гайхдаг ч яаран хийх гэж дайраагүйд нь үнэлдэг сонсогчид нь ч байдаг байна. Мотив хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас сонирхоход “Бид буцах замгүй” дуу гаргаад FM- радионуудад тарааж эхлээд байгаа бөгөөд клипп нь ирэх долоо хоногт үзэгчдийн хүртээл болох нээ. Клипний нууцаас бяцхан задруулахад МУГЖ дуучин Т.Ариунаа тоглосон гэнэ. Тэд дөрөвдүгээр сарын эхээр 21 аймгаар аялан тоглолт хийхээр мордох гэж байна. Нэг ч аймаг үлдээхгүй залуучууд дээрээ очих болно хэмээн ам бардам хэлж байгаа. Харин Улаанбаатар хотод есдүгээр сард анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Ах намын гишүүд өнөөдөр МАХН-ын төв байрны өмнө жагсана

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэн өнөөдөр намын байр руугаа урилгагүй 1000 зочин дагуулж очихоор зэхэж байна. МАХН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг шударга байж, намын шинэчлэл, боловсон хүчний бодлогын төлөө дуугарсныг буруутгаж намаас хасах шийтгэл ногдуулсан билээ. Түүнийг дэмжигч намынх нь шударга, журмын нөхөд нь “Хэрэв зэ МАХН-ын УЗ Г.Бямбасүрэнг намаас хасвал бид 1000 хүний гарын үсэг зуруулж шударга бус шийдвэрийнх нь төлөө намаа орхиход бэлэн байна. Ах нам нам шиг ажлаа хийж, дүрэм журмынхаа дагуу шийдвэр гаргаж, шударга гишүүдийнхээ үгийг сонсохгүй бол бид өнөөдөр МАХН-ын төв байрны өмнө жагсаж, тийшээ дайрч ороход ч бэлэн” хэмээн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнд гишүүд нь мэдэгдэж гарын үсэг бүхий хуудсаа илгээжээ. Тэд ингэж түрэмгийлэн жагсах болсноо өнгөрсөн пүрэв, баасан гаригт МАХН-ын УЗ-ын нэр бүхий гишүүд дэд дарга Г.Бямбасүрэнг дуудаж уулзсантай холбоотой гэнэ. Тэд Г.Бямбасүрэнд хандаж “Цаашид хэвлэлээр дэмий балай юм ярихаа зогсоо. Намын нэр хүнд хэцүүдлээ. Та хэвлэлээр элдэв юм ярьдаг ажлаа жаахан азнаач. Дараа дараагийн уулзалтаар яаж хамтарч ажиллахаа тохиръё” хэмээсэн нь шударга гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.

МАХН-ын дарга С. Баяр дөнгөж сая Төрийн ордон дахь өрөөгөөрөө орж засгийн газрыхныг сандаргаад гарлаа

МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр Төрийн ордон дахь өөрийнхөө өрөөгөөр цагийн өмнө ороод гарчээ. Түүнийг ирсэн, ирээгүй гэж маргаж суусан Засгийн газрынхан ийнхүү гэнэт ороод ирсэнд нь сандарч бөөн бужигнаан болсон гэнэ. С. Баярыг хэвтэрт байгаа, биеийн байдал нь их муу байгаа, үс нь халзарсан гэх зэргээр таамаг дэвшүүлж байсан нөхдүүд зүв зүгээр, эрүүл саруул алхаж яваа түүнийг харан амаа ангайсаар хоцорчээ. Тэрээр бага зэрэг турснаас биш өөр өөрчлөгдсөн зүйлгүй хэв хэвээрээ, албан өрөөгөө эргээд гарсан. Ингэхдээ У.Хүрэлсүхтэй уулзжээ. Хүрэлсүх түүнд иргэний хөдөлгөөнүүдийн тухай, намынхаа шаардлага тавиад буй нөхдийн талаар мэдээлэл хүргэсэн гэж байна. Экс ерөнхий сайд уржигдар КАЛ-ын онгоцоор эх орондоо иржээ. Түүнийг ТЕГ-ын дарга Р.Болд тоссон аж. Хэдий тэд хоорондоо найз нөхөд байлаа ч бүхэл бүтэн улсын Тагнуулын байгууллагыг удирдаж буй хүн зүгээр л нэг улстөрийн намын даргыг тосно гэж байх уу? гэдэг асуулт хардлага төрүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Загджав ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновын урилгаар ажлын айлчлал хийхээр мордлоо

ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновын урилгаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн орлогч дарга Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 29-ний өдөр ОХУ-д ажлын айлчлал хийхээр явлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Шинэбаяр нар болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид багтсан байна. Уг айлчлалаар төлөөлөгчид хоёр улсын парламент хоорондын асуудлаар зөвлөлдөх уулзалтад оролцох юм. Айлчлал дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Бага дунд орлоготой иргэд байртай болно гэдэг санасны гарз

“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууц ашиглалтад оржээ. Гэвч уг хөтөлбөрийн анхны зорилт болох бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт хэрэгжээгүй байна. Иймээс хямд орон сууц гэдгийг барилгын салбарт хөрөнгө оруулагчид, барилгын байгууллагууд бүрэн ойлгож, энэ хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай болохыг салбарын сайд нь хэлж байгаа. Хамгийн гол нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд метр квадратынхаа үнэлэхдээ уян хатан хандах хэрэгтэй болж таарч байна.

Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 263 барилга, аюултай 104 барилга байна

Манай нутаг дэвсгэр Төв азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1994 оноос хойш Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн горим, идэвхжлийг судлаачид илүү нарийвчлан судалжээ. Сүүлийн 6 жилийн судалгаагаар хотын баруун хэсэгт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт бүртгэгдэх болсон нь нийслэл хотын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болох магадлал байгааг сануулж байна. Иймээс барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд судалгаа хийжээ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 263 барилга, аюултай 104 барилга, цаашид нарийвчлан судалгаа хийх шаардлагатай 1897 барилга байгаа нь тодорхой болсон байна. Иймээс барилга, байгууламжийг босгохдоо хэрхэвч мартаж болохгүй зүйл бол газар хөдлөлтийн эрсдэл болж байна. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн макро судалгаа хийх, Нийслэл болон бүс нутгийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг зохиох, шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Мөн Улаанбаатар хотод баригдаж байгаа өндөр барилгуудын суурь хөрсний инженер сейсмологийн судалгааг нарийвчлан хийх, Хангай, төв, баруун бүсийн төв болон Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан иргэн, олон нийт, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжид үзлэг тооллого явуулж паспортжуулах нь зөв юм байна.

2010 он гарсаар 270 удаа газар хөдөлжээ

"Газар хөдөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, аврах арга хэмжээ" сэдэвт нээлттэй сонсгол төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд одон орон геофизик судлагааны төвийн судлаач Ш.Өлзийбат оролцож улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцууллаа. Манай улсын хувьд 1970 оноос 2009 онд нийт 2420 гаруй газар хөдлөлт болсон байна. Харин 1994-2004 онд 900 гаруй газар хөдлөлт мэдрэгдсэн гэнэ. Сүүлийн таван жилийн хувьд 1340 газар хөдлөлт болсон нь газар хөдлөлтийн идэвхжилт эрс нэмэгдсэнийг харуулж байна. Өнгөрсөн онд МУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд 508 удаа газар хөдлөлт болсон бол он гараад удаагүй байхад 270 газар хөдлөлт мэдрэгдсэн байх юм.

Ингэж ойр ойрхон олон удаа газар хөдөлсөн байгаа нь хэзээ мөдгүй гамшгийн хэмжээнд хүртэл хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй болсныг гэрчилж байгаа гэдгийг ч судлаачид олж тогтоожээ. Иймээс төр засгийн хэмжээнд газар хөдлөлтийн төлөв байдалын талаар ярих шаардлагатай болсон байна. Манай улс газар хөдлөлтийг нэг минутын өмнө л мэдээлэх боломжтой гэдэг нь хэрвээ ийм гамшиг тохиолдвол цөөхөн хүн амтай улс орон сүйрч, дахиж оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болж мэдэхээр аюул нүүрлэж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр газар хөдлөлтийг хурдан мэдэх боломж бололцоог бүрдүүлхийн тулд төр засгийн хэмжээнд анхаарах шаардлагатай болжээ. Наад зах нь газар хөдлөлтийн голомтыг автоматаар тогтоох төвтэй болох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг судлаач, шинжээчид хийсэн байна. Ийм төв байгуулахад 4 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна.

Москвад дараалан 2 дэлбэрэлт болжээ

Оросын нийслэл Московагийн метронд болсон 2 дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа 34 хүн нас барж, 18 хүн шархадсан тухай мэдээ одоогоор ирээд байна. Дэлбэрэлтүүдийн нэгнийх нь шалтгаан нь амиа хорлох үйлдэл байсан байж болзошгүй гэж Москвагийн прокурор мэдэгдлээ.
Оросын прокуроруудын мэдээлснээр эхний дэлбэрэлт өнөө өглөө орон нутгийн цагаар 07.56”-д Москвагийн “Любянка” метронд болж 22 хүн амь насаа алдсан байна. Эхний дэлбэрэлтээс 40 минутын дараа 2 дахь дэлбэрэлт хотын төв дэх “Парк Культурий” метронд болж, одоогийн мэдэгдэж байгаагаар 12 хүн амь насаа алдаж, 7 хүн шархадсан гэж өмгөөлөгчид мэдэгдлээ.

Өмгөөлөгчид, “Любянка” метрон дахь дэлбэрэлт нь метроны 2 дахь вагонд болсныг, амиа алдагсдын нэг хэсэг нь тухайн метронд байсан хүмүүсээс, нөгөө хэсэг нь метроны буудал дээр вагон хүлээж байсан хүмүүс байсан тухай мэдэгдэлээ. Дэлбэрэлт гарах болсон шалтгааны талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ба Оросын Ерөнхий прокурорын газраас гарсан хэрэг явдлыг террорист халдлага байж болзошгүй хэмээн мөрдөн байцаах үйл ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдэв.


Дэлбэрэлт нь хүмүүсийн ажилдаа явдаг цагт болсон нь анхаарал татаж байгаа ба нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоож байгаа юм. "Парк Культурий” болон “Комсомольская метро”-ны шугам нь түр хаагдсан байна

Анод банкийг татан буулгахыг түр хойшлууллаа

Анод банкны дампуурлыг энэ гуравдугаар сард багтаан зарлана гэж өмнө нь албаны эх сурвалж мэдэгдэж байсан. Гэтэл одоог хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй ажин түжин байна.
Үйл ажиллагаа нь доголд­сон, дампуурах гэж байгаа гэгд­сэн Анод банкинд Монгол­банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилон нэг жил гаруй ажил­луулсан. Түүнээс хойш Зоос банкийг гэхэд аль хэдийнэ татан буулгаж төрийн мэдэлд аваад байгаа. Харин Анод банкинд өнгөрсөн жилийн ар­ван­­нэгдүгээр сард төв банк­наас Эрх хүлээн авагч томилон ажиллуулсан. Хууль журамд зааснаар бол Эрх хүлээн авагч гурван сарын хугацаанд сана­лаа төв банкинд мэдэгдэх ёс­той. Харин Монголбанк ажлын 30 хоногийн дотор буюу гурав­дугаар сарын 22-нд багтаан шийдвэрээ гаргах ёстой бай­лаа. Энэ талаар тодруулахад Анодыг татан буулгах асуудлыг түр хойшлуулсан гэлээ. Ийн хойшлуулна уу хэмээн Сан­хүүгийн зохицуулах газраас хүсэлт ирүүлсэн аж. Учир нь тэд энэ асуудлаар УИХ-аас чиглэл авах шаардлагатай гэж үзжээ. Түүнээс гадна энэ гурав­дугаар сарын 1-ээс хүчин тө­гөл­дөр мөрдөгдөж эхэлж бай­гаа Төв банкны тухай хуу­лийн дагуу бол татан буулгах шийд­вэрийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй аж. Тиймээс Ано­дыг татан буулгах шийдвэр гаргахыг түр хойшлуулж банк­ны хувь эзэмшигчидтэй уулзаж ярилцах, зээлийг төлүүлэх график гаргуулах үүрэг өгсөн байна. Үүнийг албаны хэллэ­гээр бол татан буулгах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол 240 тэрбум төгрөгийн хө­рөнгө оруулалт хийх “зоригтон” гарч ирэхгүй л бол Анодыг татан буулгах нь тодорхой. Харин хэзээ вэ л гэсэн ганц асуудал байгаа аж.

NBA-д ямар тоглолтууд болов

Денвэр Наггэтс vs Орландо Межик

Тоглолтын эхний үеэд бэртэл авсан Винс Картерийг орлож гарч ирсэн Ж.Ж.Рэдик 23 оноо, карьерийн өндөр 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийж, Межик Наггэтсийг 103-97 хожиход тусалжээ. Картер баруун хөлийхөө эрхий хуруунд бэртэл авсны дараа Рэдик 15-аас 8 удаа оновчтой довтолж, NBA-д ирснээсээ хойш хамгийн их минутыг (46) талбайд өнгөрүүлсэн байна. Түүнээс гадна сэлгээнээс гарч тоглосон Райн Андерсон 19 оноо авч, Межик сүүлийн 15 тоглолтынхоо 13-т нь хожиход чухал хувь нэмэр оруулжээ. Кармело Энтони 26 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч Денвэрийг тэргүүлсэн бол Чонси Биллапс 18 оноо авч тусалсан ч Наггетс ийнхүү сүүлийн 5 тоглолтын 4-т нь ялагдал хүлээв.

Портланд Трэйл Блэйзэрс vs Оклахома Сити Тандэр

Андре Миллер 26 оноо, Брендон Рой 20 оноо авч Портланд Оклахома Ситиг 92-87 хожсоноор Өрнөд Бүсийн 6-р байрт яваа Тандертэй тэнцэж ирсэн байна. Плейофф удахгүй эхлэх энэ үед Блейзерс сүүлийн 13 тоглолтын 11-т хожиж, бүсдээ дээшилсээр байна. Тэдний хувьд үлдсэн 8 тоглолтынхоо 3-т нь хожиход Плейоффын эрхээ баталгаажуулах юм. Тандераас Кэвин Дюрант 29 оноо авч багаа тэргүүлсэн ч багийн үндсэн холбон тоглогч Расселл Уэстбрүүк ердөө 12 оноог авч хангалтгүй тогложээ. Ууг нь Тандэрийн залуучууд хоёрхон хоногийн өмнө NBA-ын аварга Лэйкэрсийг илт давуу буулгаж аваад байсан юм.



Сакраменто Кингс vs Кливленд Кавалиерс

Леброн Жеймс нийт авсан 34 онооныхоо 23-ыг тоглолтын 2-р хагаст авч, Антуан Жемисон 26 оноог нэмэрлэснээр NBA-г тэргүүлэгчид бэртэл дүүрэн Кингсийг 97-90 талбай дээрээ буулгаж авсан байна. Энэ тоглолтонд Кавалиерсийн хөгжөөн дэмжигчид хайртай төвийн тоглогч Зидрунас Илгаускасаа элгэсэг дотноор угтан авчээ. Тоглолт дуусахад 2 минутын хугацаа үлдээд байхад Леброн 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, дараа нь мөн хамгаалалтанд бөмбөг тасалж багийнхаа хожлыг баталгаажуулав. Кавалиерс ийнхүү хожигдол илүүтэй багийн эсрэг 28 дараалан хожоод байна. Сакрамэнтогийн Бэно Удрих NBA дэх анхны трипл-даблаа (18 оноо, 15 о.д, 10 с.б.а) хийсэн ч баг нь бэртлийн улмаас ердөө 8-хан тоглогчийг хувцасласан нь хожигдох гол шалтгаан болсон биз.

Мэмфис Гриззлис vs Милуоки Бакс

Жон Салмонс 25 онооныхоо 10-ыг нь тоглолтын 4-р үе болон нэмэлт цагт авч, Бакс гурав дараалан хожигдох аюулаас мултарч Гриззлисийг нэмэлт цагт 108-103 хожжээ. Рүүки тоглогч Брендон Жэннингс 29 оноо, 8 о.д, 7 с.б.а гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Андрю Богут 18 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч дабл-дабл хийж, ийнхүү Бакс солилцоогоор Салмонсыг багтаа авчирсанаас хойш 16 хожил, 4 хожигдолтой болж, Плэйоффын эрхээ баталгаажуулахад улам ойртсон байна. Мэмфисийн Бүх Од Зак Рандольф 31 оноо, 15 с.б.а хийж шилдэг тоглолтоо гаргасан ч нэмэлт цагт шүүгчдэд бухимдсаар тоглолтыг амжилтгүй дуусгажээ.


Индиана Пэйсерс vs Атланта Хокс

Жош Смит 21 оноо, 13 с.б.а, Ал Хорфорд 18 оноо, 12 с.б.а гэсэн амжилтыг тус тус үзүүлснээр Хокс Пэйсерсийг талбай дээрээ 94-84 буулгаж авсан байна. Энэхүү хожигдол нь Пэйсерсийн 5 дараалан хожсон амжилтыг зогсоожээ. Сүүлийн 3 тоглолтынхоо 2-т нь хожигдсон Хокс ийнхүү талбай дээрээ хийсэн сүүлийн 8 тоглолтонд хожоод байгаа ба Плейофф эхлэхэд бүсдээ эхний 4-т нь багтах нь тодорхой болоод байгаа. Трой Мерфи 21 оноо авч, Индианаг тэргүүлсэн байна. Пэйсерсийн хувьд уг нь 2005 оноос хойш анх удаагаа 6 дараалан хожихын төлөө тоглож байсан юм. Юта Жаззын эсрэг хийсэн өмнөх тоглолтод 44 оноо авсан Дэнни Грэйнжэр 18 оноог л авч чаджээ.

Амиа золиослогчид Москвагийн метронд дэлбэрэлт үйлдэв

Москвагийн метроны "Лубянка" ба "Парк культуры " станцуудын дэлбэрэлтийг амиа золиослогч террористууд үйлдсэн гэж урьдчилсан мөрдөн байцаалтын дараа Москва хотын прокурор Юрий Сёмин мэдэгджээ. Дэлбэрэлтийн хүч нь 2-3 кг-ын тротилийн хэмжээнийх байжээ. Эхний дэлбэрэлт "Лубянке" станцад өглөөний 07:52 минутад болж 20 орчим хүн амиа алдан 17 хүн шархадсан байна. "Парке культуры" станцад болсон дэлбэрэлт нь эхний аллагаас гучин минутын дараа гарчээ. Тэнд 12 хүн алагдаж, 15 хүн шархадсан байв.
Москва хотын төвд машины хөдөлгөөн хаагдсан ба шуурхай холбоо ч ажиллахгүй байна. Цагдаагийнхан хүмүүст хандан хотын төвд орж ирэхгүй байхыг хүссэн байна.
"Эхо Москвы " радио Москвагийн төвд байгаа хүмүүст хандан хотын төвд цугларсан олныг зөөхөд туслахыг уриалжээ. Таксиний жолооч нар үнэ хөлсөө 3000 рубль болгон нэмэгдүүлснээс олон хүн хотын төвөөс гарч чадахгүй байгаа аж. “Алан хядлага” гэсэн зүйл ангиар уг хэрэгт эрүү үүсгээд байгаа ба Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Медведевт байдлыг мэдээлж байна.
Удалгүй хэвлэл мэдээллээр "Проспект мира" станцад гурав дахь дэлбэрэлт гарсан гэж мээдлснийг Онцгой байдлын яам няцаажээ. Амь үрэгдэгсдийн тоо 35 хүн болсоныг мэдээлсэн ба өмнө нь Москва хотын дарга Юрий Лужков 34 хүн амиа алдсан гэж байлаа. Москва хотын цагдаагийн албаыг эрчимжүүлсэн дэглэмд оруулан хүн ихтэй Москвагийн бүх метро станцууд, төмөр замын буудлуудыг хяналтдаа авсан тухай хүчний байгууллага мэдээлэв. Хотын гудамжинд биеийн байцаалтын шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн буюу зургаан их наяд 750 тэрбум

Ийм нэртэй хөдөлгөөнийг ҮШН-аас зохион байгуулж, анхныхаа уулзалтыг ТВ-ээр шууд дамжуулж байна. Тэдний тавьж байгаа шаардлага нь эрх барьж байгаа хоёр нам болох Ардчилсан нам болон МАХН-аас 2008 оны сонгуульд орох­доо амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг иргэн бүрт өгүүлэх явдал. Хөдөлгөөний тэргүүн, ҮШН-ын нарийн бичгийн дарга Д.Батцогт өнгөрөгч сонгуулийн үеэр МАХН, Ардчилсан намаас сонгогчдод тараасан амлал­туудыг нотлох баримтуудаар нь нэг бүрчлэн сануулж, Ард­чилсан намаас амласан сая төгрөгийн хувьцаа, МАХН-ын 1,5 сая төгрөг, тэтгэврийн доод хэмжээг гурав дахин нэмэг­дүүлэх амлалт, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хүүхдийн 3000-ыг 20 мянга болгох, хоёр намын амласан сая, 1,5 саяыг хоёуланг нь өгүүлэх” амлалт, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, улирал бүрийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянгыг нийлүүлэн зургаан ам бүлтэй нэг өрхийн жилийн орлого 17 сая төгрөг болох тооцоог хийгээд энэ мөнгийг бүгдийг нь олгуулахаар шаардаж байна. Ядарсанд нь байтугай чадуухан нэгэнд нь ч сайхан сонсогдохоор тоо.
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, телевизээр ярьсан мөн­гөний дүнг сонсоод гэрийнхэн ч үймээд явчих нь тэр. Эндээс аав “Ингэж хоосон амлаж байхаар тойргийнхоо 76 тэрбумыг нийлүүлээд хэдэн сайхан үйлдвэр байгуулчихсан бол хичнээн олон хүн ажилтай болох байв” хэмээн тооцоо бодож, ээж тэндээс “Энэ 2,5 саяыг чинь бэлэн мөнгөөр өгөхгүй ээ, орон сууцанд хөрөнгө оруулна гэсэн” хэмээн мэдэмхийрч, дүү бас зүгээр суухгүй гэсэн шиг “Наад мөнгө чинь манай улсын жилийн төсвөөс хэд дахин давсан тоо, юу гэж өгч чадах юм” хэмээн маргаж байна.
Хөрш айлын эзэгтэй юу дутах вэ ороод ирчихсэн “Явж жагсана аа, 2,5 саяыгаа авна” хэмээн ээжийг нударна. Телевизээр гарч байгаа хөдөлгөөний удирдагчдын дуу чангарах тусам гэр доторх хүмүүсийн дуу зэрэгцэн өндөрсөж, их удвал хэрүүл ч болох янзтай. Айл болгонд ийм маргаантай уур амьсгал бий болж байгаа даа гээд бодохоор эрхгүй эмзэглэл төрнө.
Бусад бүх амлалтыг орхиод зөвхөн намуудын амласан 2,5 сая төгрөгийг 2,7 сая хүн амдаа үржүүлэхэд зургаан их наяд 750 тэрбум төгрөгт хүрч байгаа. Засгийн газар 2010 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг ойролцоогоор хоёр их наядаар баталсан гээд бодоход үүнээс даруй гурав дахин давсан тоо. Энэ жил Монгол Улсын төсөвт орж ирсэн бүх орлогыг хуу аваад төсвөөс цалинждаг нэг ч хүнд цалин, тэтгэвэр өгөхгүйгээр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт сохор улаан зоосны санхүүжилт өгөлгүй, бүтээн байгуулалтын ширхэг ч ажил хийхгүй, дээр нь манай УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөрлөгүүд өөрсдөө гадаад дотоодод томилолтоор явалгүй, цаас, интернэт гэх мэтэд мөнгө заралгүйгээр төсвийнхөө орлогыг бүгдийг хуваалаа ч хүн амынхаа дөнгөж гуравны нэгд л амласан мөнгөө өгч чадах нь байна. Тэгэхээр энэ 2,5 саяыг иргэд бүртээ өг хэмээн шаардах нь хэр бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.
Хамгийн гол нь үнэхээр иргэд үүнийг хүсч байна уу, тэгвэл яг хэдэн хувь нь хүсээд, шаардаад байгаа юм бэ гэдгийг батлаад нотлоод өгчих судалгаа, тооцоо байна уу? Харин хэд нь ажлын байртай, амьдрах орон сууцтай, эрүүл мэндийн үйлчилгээ нь хэвийн, ажлаа сайн хийвэл амьдраад байх бололцооны нийгэмд хүрэхийг мөрөөдөж байгаа бол? Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч С.Ганбаатар хэд хоногийн өмнө телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо “2,5 сая төгрөгөө өгч чадахгүй бол 152 чих огтлох л ажилтай болж дээ” гэдэг үг унагаж байсан. Хоёр намын тавьсан зургаан их наяд 750 тэрбум төгрөгийн өрийг чих нэг бүрт хуваавал 44 тэрбум 407, 9 сая төгрөг гарч байна. Ийм их үнэд хүрдэг чих байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.
Уг нь бол Д.Батцогт, Г.Уянга нарын хийж байгаа тэмцэл, шаардаж байгаа зүйл нь улстөрчдийг худлаа амлавал юунд хүрч болдгийг сануулж байгаагаараа сайн хэрэг л дээ. Гэвч энэ нь хэмжээнээсээ хэтэрч, савнаасаа халивал юунд хүрч болох вэ гэдгийг бас л бодох ёстой асуудал. “Буу шийдмээ бариад ирье гэсэн хүмүүс байна, буу барьж ирсэн хүн бидний нөхөр биш, дайсан шүү” гэсэн үгийг сонсоод хиртхийх шиг болов. Хэрвээ тэгтлээ их бухимдаж байвал, бухимдахдаа үймээн дэгдээвэл яах вэ. Хэнд ашигтай вэ? Мэдээж төрийн аппаратууд өөрийгөө хамгаалах бүтэцтэй, шүүх цагдаатай учраас учраас үймээний хөлд өртөхгүй. Жагсаалд нэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь амьдралын төвшин доогуур, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн доод хэсгийнхэн байх учраас тэдэнд бас алдах юм байхгүй. Харин хохирогчид нь нөгөө л жижиг дунд бизнесмэнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Иргэд өөрийнхөө орж үйлчлүүлдэг дэлгүүрийг өөрсдөө шатаагаад, талаад л дуусна гэсэн үг. Тэгээд баахан залуус шоронд орж ч магадгүй.
Долдугаар сарын 1-ний үймээний дараа Ардчилсан намын зарим гишүүд О.Магнай, Ж.Батзандан нар дээр очиж, “Та нар энэ хоригдож байгаа залуусыг сулла, цуглаан зохион байгуулсныхаа хувьд бид бурууг дангаараа хүлээе гээд цагдаагийнханд хэлчих, яалаа ч гэсэн та нарыг цаазлахгүй. Бид тэгүүлэхгүй, хамгаална” гэж ятгасан юм гэнэ лээ. Гэвч тэдний хэн нь ч хариуцлага хүлээхийг хүсээгүй. Хар амиа аврахын тулд Ардчилсан намд элсэж, хамгаалалтад ороод л өнгөрснийг бүгд харсан. Харин хоригдсон залуусын олонхи нь одоо болтол шоронд ялаа эдэлж байгаа. Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөний удирдагчид ч гэсэн нэг их холын зорилт тавиагүй л болов уу. Тэдний хүссэнчлэн үймсэн олон Засгийн газраа огцруулж, УИХ-ыг тараалаа гээд үр дүн нь юу байх вэ. Д.Батцогт, Г.Уянга, “малыш” хочит Б.Энхтүвшин нарыг төрийн толгойд залах уу? Эсвэл Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалж, Н.Энхбаярыг МАХН-ын толгойд эргүүлэн тавих уу?

С.Баяр эх орондоо ирлээ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр 16.30 цагт Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах албан тасалгаа болох Соёмбо танхимдаа ирлээ. Түүний бие хамгаалагч нар 16.00 цагийн үед Соёмбо танхимд ирж, үүдийг нь онгойлгосон юм. Харин С.Баяр даргын хэзээ ирэхийг тодорхой хэлэх хүн байсангүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар нар нэлээд сандруу байснаас харвал С.Баяр дарга эхлээд Засгийн газрын гишүүдтэй түр уулзаад гарсан бололтой.

Ингээд С.Баяр дарга хоёр бие хамгаалагчийн хамт Төрийн ордны гол жигүүрийн дөрөвдүгээр давхраас бууж ирсэн юм. Саарал хослолтой түүнд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл бараг алга байв. Ялимгүй турж, үс нь үл анзаарагдам шингэрснийг эс тооцвол тэрбээр урьдын адил хээнцэр, цэмцгэр, сэвэлзтэл алхалж байв. Түүнийг ойртон ирэхэд мэнд мэдэхэд инээмсэглэн хариу мэндлэв. Хэдэн үг солихыг хүсэхэд харин “Дараа болъё” хэмээн эелдгээр татгалзаад өрөөндөө орлоо.

Хэдхэн минутын дараа хамгаалагч нь гарч ирэн “Лифт дууд” хэмээн хамгаалалтын ажилтанд хэллээ. Үүний дараа хар пальто өмссөн С.Баяр дарга хамгаалагчдынхаа хамт өрөөнөөсөө гарч, хэдхэн алхмын зайтай байх Төрийн ордны өргөтгөл буюу Чингисийн цогцолборын гуравдугаар давхрын цахилгаан шатаар уруудаж одов.