Monday, March 29, 2010

2010 он гарсаар 270 удаа газар хөдөлжээ

"Газар хөдөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, аврах арга хэмжээ" сэдэвт нээлттэй сонсгол төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд одон орон геофизик судлагааны төвийн судлаач Ш.Өлзийбат оролцож улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцууллаа. Манай улсын хувьд 1970 оноос 2009 онд нийт 2420 гаруй газар хөдлөлт болсон байна. Харин 1994-2004 онд 900 гаруй газар хөдлөлт мэдрэгдсэн гэнэ. Сүүлийн таван жилийн хувьд 1340 газар хөдлөлт болсон нь газар хөдлөлтийн идэвхжилт эрс нэмэгдсэнийг харуулж байна. Өнгөрсөн онд МУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд 508 удаа газар хөдлөлт болсон бол он гараад удаагүй байхад 270 газар хөдлөлт мэдрэгдсэн байх юм.

Ингэж ойр ойрхон олон удаа газар хөдөлсөн байгаа нь хэзээ мөдгүй гамшгийн хэмжээнд хүртэл хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй болсныг гэрчилж байгаа гэдгийг ч судлаачид олж тогтоожээ. Иймээс төр засгийн хэмжээнд газар хөдлөлтийн төлөв байдалын талаар ярих шаардлагатай болсон байна. Манай улс газар хөдлөлтийг нэг минутын өмнө л мэдээлэх боломжтой гэдэг нь хэрвээ ийм гамшиг тохиолдвол цөөхөн хүн амтай улс орон сүйрч, дахиж оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болж мэдэхээр аюул нүүрлэж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр газар хөдлөлтийг хурдан мэдэх боломж бололцоог бүрдүүлхийн тулд төр засгийн хэмжээнд анхаарах шаардлагатай болжээ. Наад зах нь газар хөдлөлтийн голомтыг автоматаар тогтоох төвтэй болох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг судлаач, шинжээчид хийсэн байна. Ийм төв байгуулахад 4 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна.

No comments:

Post a Comment