Saturday, April 3, 2010

Онлайнаар бизнес хийх аргууд

Өнөөгийн залуусын хүсэл мөрөөдөл онлайнаар бизнес эрхэлж, хялбар аргаар мөнгө олох, хурдан хугацаанд баяжих гээд дуусашгүй. Анхнаасаа онлайн бизнес эхэлж байх үед хүмүүсийн энэ сонирхол дээр тоглож зөндөө бизнес гарч ирснээр олон залуусыг урхидаж, мөнгийг нь сааж, цагийг нь үрж байсан билээ. Манайд ч гэсэн хаа нэгтээ хялбар мөнгө олох арга, зүгээр л сууж байхад чинь мөнгө ороод л байна гэх мэтээр худлаа рекламдаж байгаа харагддаг. Тиймээс Монгол залуустаа зориулж онлайн бизнесийн зөвхөн үнэн зөвлөмжийг уншихыг санал болгож байна.
Онлайнаар мөнгө олж болох ямар аргууд байдаг вэ?


Яг одоогоор бол хүмүүс тогтсон нилээд олон аргаар мөнгө хийж байна. Гэхдээ интернэт өөрөө баялаг учраас цаашид ч олон арга төрөхийг үгүйсгэх аргагүй юм.


1. Худалдаа эрхлэх. Хэрэв танд зарах бараа байвал та өөрийн сайт дээрээ эсвэл хэн нэгний худалдааны сайт дээр тавьж бараагаа зарж болно. Хүмүүс eBay, Amazon зэрэг томоохон худалдааны сайтууд ашигладаг. Тэд таны зарагдсан бараа болгоноос шимтгэл авах, мөн өөрийн онлайн дэлгүүр үүсгэсний гээд төлбөр авах болно. Одоогоор eBay монголчуудын хувьд хамгийн боломжийн сайт юм. Тэрэн дээр Хятадаас, Солонгосоос хүмүүс маш их бүтээгдэхүүнээ зардаг. eBay дээр бүтээгдэхүүнээ зарахын тулд харин түүний ажиллагааг маш сайн судалсан байх шаардлагатай. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй сонирхож байвал доор хүсэлт дээр бичээрэй.

2. Өөрийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх. Хэрэв та өөрийн эзэмшсэн мэргэжилдээ бусдаас чадварлаг бол онлайнаар үйлчилгээ үзүүлж болно. Иймэрхүү үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн нь одоогоор вэб болон дизайн хийх, хууль болон татварын зөвлөгөө өгөх зэрэг байна. Гэхдээ та www.elance.com гэдэг сайтаар орж үзвэл хүний хийж чадах мэргэжил мэдлэг бүхнээр хүмүүс үйлчилгээ үзүүлж байх вий.

3. Зуучлах. Зуучлах бизнес бол ер нь хамгийн хялбарт орно. Яагаад гэвэл та бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцлөлтөнд санаа зовохгүй, үйлчилгээний түргэн шуурхай чанартайд ч санаа зовохгүй, зүгээр л онлайнд байгаа 2 гарыг л уулзуулж буй хэрэг. Миний өмнө дурдсан бүх сайтууд зуучлах сайтууд юм. Амазон, eBay, Elance гэх мэт. Хэрэв энэ бизнесийг сонирхож байвал эдгээр бизнесүүд хэрхэн амжилт олсоныг сайтар судлах хэрэгтэй. Тэдний хэрэглэдэг захиалагч, гүйцэтгэгч нар бие биедээ үнэлгээ өгдөг системийг ашиглах нь зүйтэй юм.

4. Бусдын рекламыг тавьж мөнгө олох. Энэ бол вэб анх үүссэнээс авахуулаад эхэлсэн арга боловч олон янз болон өргөжиж байдаг. Өөрийн сайт дээрээ бусдын баннер тавих бол түгээмэл арга юм. Үүнээс гадна Гооглын реклам тавих, эсвэл рекламын сайтаас өөрийн сайтдаа тохирох реклам тавих гэх зэрэг арга байж болно. Гэхдээ энэ арга дөнгөж эхэлж байгаа бизнест тийм ч ашигтай шийдэл байж чаддаггүй.

5. Бусдын барааг сайт дээрээ зарж өгөх. Хэрэв та олонд танигдсан худалдааны сайт бол энэхүү аргыг хэрэглэж болно. Амазон, eBay, монголд бол tedy.mn-ын нэгэн адил бусдын барааг сайт дээрээ байршуулж зарагдсан бараа бүрээс шимтгэл авч болно. Гэхдээ үүний тулд сайн сервертэй, хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээсэн сайт байх хэрэгтэй.



6. Мэдээллийн үйлчилгээ. Мэдээлэл судалгаа худалдах бизнес нь өнөө үед маш их хөгжиж байгаа бизнесийн тоонд орж байна. Нэгэн үе интернэт хэрэглэгчид зөвхөн үнэгүй мэдээлэл авах сонирхолтой байсан бол тэдгээр мэдээллүүд нь чанарын шаардлага хангахгүй тул энэхүү цоорхойг нөхөж шийдвэр гаргах түвшинд хэрэглэгдэх судалгаа шинжилгээний материалуудыг интернэтээр худалдаалах болжээ. Иймэрхүү төрлийн бизнес эрхлэхийн тулд эхлээд өөрийн гэсэн судалгааны баазтай байх шаардлагатай. Мөн үнэт материалаа цаашид тараагдахгүйгээр төлөвлөх хэрэгтэй байдаг.


Эдгээр нь интернэтэд хийж болох ерөнхий бизнесүүд бөгөөд өөр олон хэлбэр байж болохыг үгүйсгэхгүй. Өөр дурдагдаагүй бизнес байвал сэтгэгдэл дээр бичиж болно. Мөн интернэт бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Цахимын Интернэт Бизнесийн судалгааны материалыг худалдан авч уншиж болно.

No comments:

Post a Comment