Saturday, April 3, 2010

Хэрхэн IBT TOEFL н өндөр оноо авах вэ?

Хэрвээ та гадны оронд сурах бодолтой байгаа бол TOEFL н оноо авах хэрэгтэй болно. Зарим хүмүүс гадаадын их дээд сургуульд орох гэж, тэтгэлэг авах гэж харин зарим хүмүүс албан тушаалын шаардлагаасаа болоод TOEFL өгдөг.
Өнөөдрийн байдлаар 110 оронд TOEFL н оноог хүлээн зөвшөөрч байна.
Үнэндээ TOEFL нь амархан шалгалт биш. Гэхдээ энэ шалгалтанд бэлдэх нь англи хэлний түвшинг асар ихээр сайжруулдаг байна. Их сургуульд олон төрлийн бие даалт хийж, илтгэл тавих хэрэг гардаг. Харин TOEFL нь эдгээр зүйлсийг хийхэд шаардагдах чадваруудыг танаас шалгана.
Гэхдээ та англи хэлэндээ сайн байлаа гээд өндөр оноо авна гэсэн баталгаа байхгүй. Тийм ч учраас TOEFL д бэлдэх тусгай курсууд хичээллэж, TOEFL н шалгалтыг хэрхэн өгөх стратегийг заадаг юм.

Танд дараах хэдэн стратегийг зааж өгье.

Шалгалтын өмнөх бэлтгэл
1. TOEFL нь таны их сургууль, коллежид сурч чадах эсэхийг тань шалгадаг тул мэргэжлийн үг хэллэгийг шалгах нь тодорхой. Тиймээс та мэргэжлийн үг хэллэгийн сангаа арвижуулах үүднээс англи хэлдээрх ном сонин ихээр уншаарай. Аль болох мэргэжлийн хэмжээнд бичсэн зүйлсийг их унших нь зөв.

2. Зарим хүмүүс курс, дамжааг ойшоодоггүй. Гэхдээ танд ганц удаа ч гэсэн суугаад үзэхийг зөвлөе. Учир нь шалгалтын талаар ерөнхий ойлголтгүйгээр та өөрөө бэлдэх нь үр дүн муутай байж магад. Харин чухам юу бэлдэж, юуг сурах ёстойгоо мэдчих аваас та өөрөө сүүлд бэлдэж болно. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.

3. Дасгал сайн хий. Гадуур TOEFL н дасгалууд олноор байдаг хэдий ч ганц хоёрхон дасгал хийгээд үр дүн нь төдийлөн сайн байхгүй. Тиймээс ганц сурах бичиг ашиглалгүйгээр интернетэд байх олон төрлийн дасгалуудыг хийгээрэй. Учир нь TOEFL н зарим асуулт сэдвүүд байнга өөрчлөгддөг. Гэтэл энд байгаа сурах бичгүүд хоцрогдсон байдаг тул танд яг хэрэгтэй зүйлийг зааж чадахгүй л болов уу. Харин интернетэд мэдээллүүд байнга өөрчлөгдөж байдаг тул та мэдээллээс хоцрохгүй.

Шалгалтын үеэр

4. Хэзээ ч бүү асуултуудыг алгас. Шалгалтын цаг маш давчуу байдаг тул эргэж тухайн асуултыг бөглөнө гэж бараг л байхгүй. Тиймээс тухайн үед нь л хурдан бөглөөд өнгөрөх хэрэгтэй.

5. Нүүрний дээд хэсэгт Help товчлуур байгаа. Үнэхээр шаардлагатай тохиолдолд энэ товчлуурыг дараарай. Үнэхээр яаралтай тохиолдолд шүү. Учир нь таныг Help хэсгийг үзэж суух үед шалгалтын цаг явсаар байх болно.

6. Нэг асуулт дээр бүү их цаг зарцуул. Үнэхээр мэдэхгүй бол хамгийн боломжит гэсэн хувилбаруудыг сонгож аваад тэндээсээ сонголтоо хий.

7. Цагаа хуваарил. Жишээ нь нийт хэдэн хэсэгтэй, хэсэг бүр хэдэн асуулттай гээд асуулт бүрт, хэсэг бүрт хэдэн минут зарцуулахаа товлох хэрэгтэй. Эс тэгвээс та сүүлийн асуултуудаа бөглөж чадахгүйд хүрнэ.

8. Унших хэсэгдээр та текстийг бүхлээр нь унших шаардлагагүй. Унших шаардлагатай бол ганц удаа л гүйлгэж унш. Асуултууд нь бүгд яг текстний дарааллаар байдаг тул та асуултын хариултыг бүх текстнээс хайх хэрэггүй гэсэн үг.

9. Шалгалтын үеэр ярианы хэсэг, сонсох хэсэгт микрофон зүүх хэрэгтэй болдог. Микрофон зүүхдээ микрофон тань чихэнд тань яг таарсан эсэхийг шалгаарай. Учир нь сайн тааруулж чадахгүй бол хажуу талын хүмүүсийн яриа чихэнд тань сонсогдоод саад учруулах болно шүү.

10. Хажуу талын хүмүүсийн хийж буй зүйл, материалд бүү анхаарал хандуул. Учир нь хүн бүрийн шалгалтын материал адил байх албагүй. Тиймээс хажуугийн хүн тань танаас өөр зүйл хийхийг хараад өөрийгөө тэднээс хоцорч байна гэж бүү бодоорой. Та ердөө цагаа харахад л болоо.

Унших хэсэг
• Үгийн сангаа баяжуул
• Богино хугацаанд их материалаас мэдээлэл авж сур
• Өмнө нь харж байгаагүй, эсвэл сайн мэдэхгүй үгээ доогуур нь зурж, өгүүлбэрээс утгыг нь олох
• Чи, би, тэр гэх мэт төлөөний үгсийг доогуур нь зурж, аль нэр үгтэй холбогдож байгааг нь олох.

Сонсох хэсэг
• Ярилцаж буй хүмүүсийн дууны өнгөнд анхаарал хандуулаарай. Мэдээж яриаг ойлгох нь гол боловч ойлгохгүй байгаа үед тухайн ярьж буй хүний ярианы өнгө, хэлбэр нь танд нилээд хэрэг болно.
• Лекцийн үеэр дурдаж буй тоо, ангилалуудыг заавал тэмдэглэж ав. Учир нь ихэнхдээ лекцийн үеэр ямар нэг зүйлийн ангилал, эсвэл тоо хэмжээг дурдах ба асуултанд заавал ирдэг. Харин харилцан ярианы үед бол тэгэх шаардлагагүй.

Ярианы хэсэг
• Ярианы хэсгийн хамгийн хэцүү нь ярих зүйлээ ердөө 15 секундэд бэлдэх явдал. Үүнийг сайн бэлдэх хэрэгтэй. Тусгай зориулагдсан программууд байдаг. Тэдгээр нь таныг 15 секундэд бэлдэж сурахад тусална.
• Ярианы хэсэгт маш энгийн сэдвээр, эсвэл энгийн зүйлсийн талаар яриа хийдэг тул та болж өгвөл сэдэв, салбар болгоны талаар мэдээлэл цуглуулж бэлдсэн байх хэрэгтэй.
• Хамгийн гол нь үгээ тод хэлэх хэрэгтэйгээс гадна өгүүлбэр хоорондын холбоосыг сайн хийгээрэй.

Бичих хэсэг
• Дүрмээ сайжруул. TOEFL нь шинэчлэгдээд дүрмийн хэсэггүй болсон ч бичгийн хэсэгт таны дүрмийг шалгачихна. Гэтэл хүмүүс дүрмийн хэсэггүй болсон гээд дүрмээ орхидог нь буруу юм.
• Өгүүлбэр хоорондын холбоосыг сайн хийх
• Бичгийн хэсэгтээ хэрэглэж буй үгнүүддээ анхаараарай. Учир нь бичгийн хэсэгт мэргэжлийн буюу албаны үг хэрэглэхийг шаардана.

No comments:

Post a Comment